Ovaco брэндийн үүсгэн байгуулагчийн ярилцлага
Ovaco брэндийн үүсгэн байгуулагчийн ярилцлага

2023-01-12 10:08

“Зиндаа” сэтгүүл энэ дугаарын “БРЭНД” буландаа 50 гаруй нэр төрлийн серум болон эссэнсээс өөрийн арьсанд тохирохыг сонгох OVACO брэндийн бүтээгдэхүүнийг онцлон танилцуулж байна. OVACO брэнд нь Монголд хоёр ч салбараа нээж, өөрийн гэсэн үнэнч үйлчлүүлэгчидтэй болж амжаад байна. OVACO брэндийг үүсгэн байгуулагч И ЖОН БУК хэмээх судлаач эрхэмтэй хийсэн ярилцлагаа уншигч танаа толилуулъя.


OVACO брэндийг үүсгэн байгуулагч И ЖОН БУК: “СУДАЛГААНД ҮНДЭСЛЭЖ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ГАРГАХ НЬ БИДНИЙ ЭН ТЭРГҮҮНИЙ ЗОРИЛТ ЮМ

Та манай сэтгүүлийн уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

Сайн байна уу? Би Монголд ирсэндээ тун их баяртай байна. Намайг И Жон Бук гэдэг. Солонгос улсын Сөүл хотод амьдардаг. Уул гарал маань БНСУ-ын аж үйлдвэр төвлөрсөн Вонжу хэмээх газар юм. Миний бага нас хүнд хэцүү цаг үед өнгөрсөн болохоор идэх юм ховор, эгчтэйгээ уул хадаар явж ургамал ногоо түүж, газар тариалангийн аж ахуй эрхэлж өссөн. Ургамал ногоо идэхэд гэдэс нэг их цатгахгүй ч тэр өдрөө даагаад, ханиад хүрч өвдсөн үедээ буцалгаад хэрэглэхэд өвчин илааршдаг нь миний сонирхлыг татдаг байлаа. Тэгээд л эм зүйч мэргэжил сонгосон гэж боддог. Их сургуульд эм зүйчээр суралцаж байхдаа дорно дахины ардын эм, эмнэлзүйг онцгой сонирхох болсон хэрэг л дээ. Ургамалд хүмүүсийг өвчнөөс ангижруулж болох чанар ямар их байдгийг мэдээд бүр ч их шимтан судлах болсон.

Ovaco брэндээ хэрхэн, яаж үүсгэсэн тухайгаа бидэнтэй хуваалцаач?

Их сургуулиа төгсөөд Солонгосын Мэргэжлийн хяналтын газарт дадлагажигч хянагчаар ажилласан. Хэдэн жилийн дараа ахлах хянагч болж Гоо сайхны болоод хоол хүнсний бүтээгдэхүүнд хяналт тавих хороонд ажилласан. Энэ үед улсаас шинэ технологи, мөн Солонгос орныг дэлхийд таниулах хэмжээний том төслүүдийг эмийн томоохон компаниудад үүрэг болгон хариуцуулж би нэг компанид нь зөвлөгч, судлаачаар очсон юм. Энэ үед л би өөрийн дуртай зүйлийг хийж, олон төрлийн эм гарган авах үүд хаалга нээгдсэн гэж болно. Улмаар энэ бүхнээ залуу үедээ өвлүүлэн үлдээх хүсэл төрж, төгссөн сургуульдаа профессороор ажилласан. Тухайн үедээ гэр бүлийн хүнтэйгээ танилцаж, анхны хүүгээ өлгийдөн авч байлаа. Гэтэл хүү маань жаахан байхаасаа юунаас ч юм маш их харшил өгч яахаа мэдэхгүй болтол сандаргасан. Нялх хүүхдэд шууд эм өгч болохгүй тул жижиг лабораторийн хэмжээнд хүүдээ, мөн миний хүү шиг олон хүүхдэд зориулсан эмзэг арьсны тосыг эмтэй нь хамт гарган авах санаа төрж, хэдэн оюутнуудтайгаа судалгааны ажилдаа ороод лабораторидоо хэдэн ч өдөр нойргүй хоносныг бүү мэд. Яг нэг жилийн дараа анхны тосоо борлуулах, мөн үйлдвэрлэх эрхээ авсан санагдана. Бүтээгдэхүүнээ ёстой л хүүхэд мэт хайрлан, эхлээд зөвшөөрсөн хэд хэдэн арьсны харшлын эмнэлгүүдэд өгч клиник тестүүд бүгд сайн гарч, эдгэсэн хүмүүсээс баярласан захидал ирсэн юм. Энэ бяцхан амжилтын дараа алдарт “LG Household & Health Care” компаниас лабораторид маань анхны их хэмжээний захиалга орж ирсэн. Үүнийг хийх компани байх хэрэгтэй гээд анх компанийнхаа гэрчилгээг авч үйл ажиллагаагаа эхэлж байлаа. Сайн, зөв эхлэлтэй болохоор компани маань өнөөдөр өөрийн гэсэн үйлдвэртэй, мөн брэнд бүтээгдэхүүнүүдтэй болсон байна.

Дийлэнх брэндийн түүхээс их өөр санагдаж байна. OVACO брэндийн хувьд бусдаас ялгарах гол онцлог нь юу вэ?

Манай брэндийн онцлог их энгийн бөгөөд ойлгомжтой. Бид өндөр нягтралтай ургамлын хандыг боловсруулж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Тийм болохоор олон тооны серумтай. Таны арьс тослог уу, хуурай юу, холимог уу гэхээсээ илүү таны үрчлээс гүн болсон байна, таны арьсны нүхжилтийг багасгах хэрэгтэй, танд арьсны дотор талын чийглэг дутагдсан байна гэхчлэн тодорхой үр дүнд хүргэхийг илүүд үздэг.

Гэтэл массыг хамарсан ихэнх брэндийн бүтээгдэхүүнийг түрхээд л байдаг, арьс яг л хэвээрээ. Зарим нь яг л тэр хэмжээнд нь барих зорилготой, тийм орцоор гоо сайхны бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг.

Харин манай брэндийн хувьд би өөрөө хамгийн сайн орцуудыг Энэтхэг, Испани, Грекээс худалдан авч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Бид өөрсдийн үйлдвэртэй учраас орчин үеийн байгаль, цаг уур, нийгмийн чиг хандлагатай хослуулан бүтээгдэхүүнээ тухай бүрт нь шинэчлэн гаргахыг зорьдог.

“EGG STEM CELL” 210 КОМПАНИЙН 342 БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС

“SKIN CARE” ТӨРӨЛД ШИЛДГЭЭР ШАЛГАРСАН

Ovaco брэндийн цаашдын зорилго, алсын хараа юу вэ?

Би өөрөө судлаач хүн болохоор үргэлж шинэ зүйлийг эрэн хайж түүндээ ихэнх цагаа зарцуулдаг. Хүн бүр хэрэглэж болох хамгийн үр дүнтэй байгалийн цэвэр орцыг зөвхөн бидэнд байгаа биотехнологийг ашиглан гарган авахыг зорьж байна. Нэг сайхан мэдээ хэлэхэд, Хонг-Конгд саяхан зохион байгуулагдсан Олон Улсын гоо сайхны үзэсгэлэнд манай компанийн бүтээсэн “Egg Stem Cell” бүтээгдэхүүн 210 компанийн 342 бүтээгдэхүүнээс “Skin Care” төрөлд шилдэгээр шалгарсан явдал бидэнд ч, манай судалгааны төвийн хамт олонд ч маш том урам өгсөн гэж боддог. Бид “Las Vegas Expo”-д бүтээгдэхүүнээ танилцуулах урилга хүлээн аваад байна. Үйлдвэрлэснээсээ хойш долоон сарын дотор дэлхийн хэмжээний шагнал авна гэдэг нь бидэнд ямар их боломж байгааг илтгэж байна. Зөвхөн зах зээлийн чиг хандлагаар бус, харин судалгаанд үндэслэсэн бүтээгдэхүүн гаргах нь бидний эн тэргүүний зорилт юм. Нөгөө талаар манай компани олон эмнэлэг, гоо сайхны компаниудад брэндинг зөвлөгөө өгч, шинэ найрлага, орц гаргаж авахад нь судалгааны төвөөрөө дамжуулан тусалдаг.

Та Монголд өмнө нь ирж байв уу. Анх буусан сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаач?

Анх онгоцноос буухад цас орж байсан. Дотроо их сайхан цагаан цас орж байна даа гэж бодоод бэлэгшээж байлаа. Манайх АНУ-д 4, Тайландад 6 салбар дэлгүүр ажиллуулдаг, дэлхийн 18 оронд салбартай боловч бүгдэд нь очиж амжаагүй байна. Гэхдээ Монголд заавал өөрийн биеэр очиж үзмээр, Монгол талаа илүү сайн дэмжиж тусалж өгмөөр санагдсан л даа. Ашиг гэхээсээ илүү залуучууд, бас брэндийн Монгол дах салбарын захирлын гэр бүл гээд сэтгэлд нэг тийм дотно, аз жаргалтай мэдрэмжээр дүүрэн өдрүүд байлаа. Монголчуудыг зочломтгой найрсаг зантай гэж хэлдэг нь үнэхээр үнэн. Дээр нь нэмж хэлэхэд маш их эрч хүчтэй, зоримог, хийхийг хүссэн зүйлээ зүрх алдалгүй барьж авдаг хүмүүс юм шиг санагдаж байна.

Танд баярлалаа.


Ярилцсан: Г.Энх-Уянга




Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл